“ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-2018” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕСҮҮД ТОДОРЛОО




    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны нэгдүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

    Хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ-2018” өдөрлөгийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр HUB Инновацийн төвд зохион байгууллаа.

    Өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж буй байгууллагууд /”Шинэ эхлэх цэг ТББ”, “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК/, Бэлтгэл хурдасгуур шатанд хамрагдсан залуучууд оролцсон.

    Арга хэмжээний хүрээнд Гарааны бизнесээ эхлүүлэх шатанд 287 залуучуудын 66 бүлэг 72 цагийн сургалтанд хамрагдан бизнес санаагаараа өрсөлдсөн. Тус арга хэмжээний хоёрдугаар шат буюу Бэлтгэл хурдасгуур шатанд 190 залуучуудын 45 бүлгийн бизнес санааг баяжуулан өрсөлдүүлж, менторийн туслалцаатайгаар ирээдүйтэй санааг хөгжүүлэн шилдэг гарааны бизнесийг шалгаруулсан билээ.

    Өдөрлөг нь Шилдэг төслүүдэд гарааны санхүүгийн дэмжлэг олгох зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.

    Өдөрлөгийн үеэр шилдэгээр шалгарсан 26 бүлэг тус бүр 10,000,000 төгрөгийн гарааны санхүүгийн дэмжлэг авч бизнесээ эхлүүлэхээр болсон.

    Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдийг танилцуулж байна.

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын захиалгаар “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ” зохион байгуулж буй байгууллагууд нь ирэх 9 дүгээр сард Баянгол, Налайх, Хан-уул дүүргүүдэд зохион байгуулна.