Иргэдийн 28 бүлэг тариалсан төмсөө хураах ажлыг хуваарийн дагуу эхлүүлээд байна




              Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ньБүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г 2011 оноос эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж, ажилгүй, хүнсний ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдийг чадавхижуулан, өрхийн аж ахуй эрхлэх боломжоор хангахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

     

        

             

                  2017 онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж, төвийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулсан. Хөтөлбөрт хамрагдсан иргэд хүлэмж болон ил талбайд хүнсний ногоо тариалсан ба хүлэмжнээс 60 гаруй сая төгрөгийн нарийн ногоог 7-8 дугаар сард хураан авч, түүнийгээ боловсруулах, хадгалах, даршлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход суралцан, өрхийн амьжиргаагаа дээшлүүлсэн.

     

             Харин ил талбайг бүлэг тус бүрт 1 га-гаар тооцон хуваарилсны дагуу хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 28 бүлэг тариалсан төмсөө хураах ажлыг хуваарийн дагуу эхлүүлээд байна. Тус талбайгаас нийт 250 тонн төмс хураан авахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын ажилтан, албан хаагчид УБ Агро паркийн талбайд ажиллаж, ургац хураалтын ажлыг зохион байгуулж, ургац хураалтанд нь тус газрын хамт олон гар бие оролцсон юм.

     

         

     

             

     

              Хөтөлбөрт хамрагдсан иргэд дан ганц хүнсний ногоо тариалахаас гадна мэргэжлийн агрономичийн заавраар арчилж ургуулах, түүнийгээ хураан авч боловсруулах зэрэг технологийн мэдлэгт суралцжээ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлдэг тус арга хэмжээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд ажилгүй иргэд ажлын байр, баг хамт олонтой болж, хөдөлмөрийнхөө үр шимээр өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа сайн жишээ олон байна. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ажилгүй, орлогогүй, 40-өөс дээш насны иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэд багтаж байгаа юм.

     

    Э.Ариун