“Хамтдаа-Миний ажлын байр” захиалгат ажлын байрны өдөрлөг боллоо



                   Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр баталсан. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар тус хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 11 удаагийн арга хэмжээ, өдөрлөг яармаг зохион байгууллаа. Энэ удаа “Pro HR Consulting ХХК, “Шинэ хөгжлийн түлхүүр” хөдөлмөрийн биржтэй хамтран “Хамтдаа-Миний ажлын байр” захиалгат ажлын байрны өдөрлөгийг 2017 оны 09 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

     

     

                 Өдөрлөгийн үеэр үндэсний томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн ажлын байранд иргэдийг бүртгэх, зуучлах үйлчилгээ үзүүлэх болон мэргэшсэн хүний нөөцийн зөвлөхүүд ажилгүй иргэдтэй биечлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа юм. Мөн ажилгүй иргэд захиалгат ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцвэл шууд ажлын байраар хангагдаж байгаагаараа онцлогтой. Харин тэнцээгүй тохиолдолд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй ажил хайгчийн нэгдсэн бүртгэл мэдээлэлд орж, дараа дараагийн зуучлах үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм. Тус өдөрлөг Мэдээлэл технологийн үндэсний паркад 10.00 – 17.00 цагаас үргэлжилнэ.

     

    Ш.Пүрэвдорж: Өдөрлөгөөр 300 гаруй идэвхитэй ажлын байр танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч байна

     

    Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга 

     

                Нийслэлийн хэмжээнд өмнө нь өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжиж байсангүй. Харин 2016-2020 он хүртэл хэрэгжихээр батлагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр өрхийн эдийн засгийн нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор хэрэгжиж эхлээд байна.

                2016 оны байдлаар Улаанбаатар хотод 380 орчим өрхийн 920 мянган хөдөлмөрийн насны иргэн байна гэсэн тоон үзүүлэлт бий. Тухайлбал 21,090 өрх толгойлсон иргэн, гэрийн ажилтай 30,600, хүүхдээ асардаг эмэгтэйчүүд 61,700 харин албан бус хөдөлмөр эрхлэгч 99,143 байна. Мөн өөрийгөө болон бусдыг ажлын байраар хангаж, ажил орлоготой байлгадаг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих шаардлага бий. Энэ хүрээнд хөтөлбөрт тодорхой заалтууд орсон байгаа. Хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр дөрвөн зорилт бүхий 27 үйл ажиллагааг урьдчилан төлөвлөөд ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг болох ажлын байрны захиалга танилцуулах, бүртгэх, зуучлах зорилго бүхий өдөрлөг яармагуудыг шат дараатайгаар зохион байгуулж ажиллаж байна.

                Өнөөдрийн өдөрлөгт Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 300 гаруй идэвхитэй ажлын байрны захиалгад иргэдийг бүртгэх, зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа болон зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Өдөрлөг маргааш мөн үргэлжлэх учраас ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцоосой гэж хүсч байна.

     

    Г.Долгорсүрэн: Эхний өдрийн байдлаар 100 гаруй иргэн мэдээлэл зөвлөгөөнд хамрагдаж, бүртгэл хийлгэлээ

     

    НХЭГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

     

                 Энэ удаагийн “Хамтдаа-Миний ажлын байр” захиалгат ажлын байрны өдөрлөгт таван аж ахуй нэгж байгууллага болон Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар гээд нийт 400 орчим ажлын байрны захиалгатай оролцож байна. Мөн манай хамтран зохион байгуулагч “Pro HR Consulting ХХК, “Шинэ хөгжлийн түлхүүр” хөдөлмөрийн бирж 70 гаруй нээлттэй ажлын байрны захиалгандаа сонгон шалгаруулалт хийж, бүртгэл зуучлал, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ихэвчлэн гүйцэтгэх удирдлага болон үйлчилгээний ажлын байрууд түлхүү байгаа. Эхний өдрийн байдлаар 100 гаруй иргэн мэдээллээ аваад бүртгэлд хамрагдлаа. Өдөрлөгийн давуу тал нь иргэдээс зөвхөн анкет авч, бүрдүүлэлт хийхгүйгээр шууд анхан шатны ярилцлаганд орох боломжийг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Ингээд тэнцсэн тохиолдолд ажил олгогч байгууллагынхаа удирдлагатай шууд уулзах боломжтой. Шаардлагад одоогийн байдлаар арав орчим иргэн тэнцсэн. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын нээлттэй ажлын байранд өнөөдөр 70 гаруй иргэдийг бүртгэсэн байна.

     

    Б.Анхбаяр: Энэ удаагийн өдөрлөгөөр зөвхөн бүрдүүлэлт хийх биш сонгон шалгаруулалт хийгдэж байгаагаараа онцлог

     

    Pro HR Consulting ХХК-ийн захирал

     

                 Манайх хүний нөөцийн компани байгаа. Өнөөдрийн өдөрлөгт бид түлхүү ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, 70 гаруй ажлын байрандаа сонгон шалгаруулалт хийх зорилготой оролцож байна. Мөн удирдах албан тушаалтнуудын захиалгуудад ажил горилж байгаа иргэдтэй уулзах, ажлын санал тавих гэж ирсэн. Ялангуяа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөнд залуучуудад хэрхэн CV-гээ бичих вэ? Ажлын ярилцлаганд ороход анхаарах зүйлүүд юу байдаг вэ? Ажлын ярилцлаганд ороход та хэрхэн биеэ бэлдэх вэ гэсэн гурван чиглэлээр сургалт, мэдээлэл өгч байна. Эхний сургалт маань амжилттай боллоо. Ирсэн залуучууд маань маш их асуулт асууж байна. Өнөөдрийн байдлаар зарим хүмүүс компаниасаа ажиллах саналаа аваад эхэлсэн. Гараа маань маш сайхан болж байна. Мөн өдөрлөгөөс хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийхээр бусад аж ахуй нэгж байгууллагууд маань ирсэн. Энэ арга хэмжээнүүд маргааш ч гэсэн үргэлжилнэ. Тиймээс иргэд маань өргөнөөр ирээсэй. Ялангуяа залуучууд өмнө нь ярилцлаганд ороод алдаж байсан бол түүнийгээ эргэж харж ярилцах боломжтой байгаа. Ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч байгаа юм шүү. Идэвхитэй хамрагдаарай гэж уриалъя.

     

     

     

     

    Э.Ариун